ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ
EXPORT DEVELOPMENT PROJECT

Бүрэлдэхүүн хэсгүүд

Төсөл дараах үндсэн 3 бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд:

  • ЭКСПОРТЫН ШИНЭ ТӨРЛИЙН САНХҮҮГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭХ
  • ЭКСПОРТЫН ӨРСӨЛДӨӨНИЙГ ДЭМЖИХ
  • ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ

ЭКСПОРТЫН ШИНЭ ТӨРЛИЙН САНХҮҮГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭХ

Дэд бүрэлдэхүүн хэсэг 1.1 Хөдөө аж ахуйн давхар даатгал (ХААДД) ХК-ийн Экспортын даатгалын газрын чадавхыг бэхжүүлэх, мэдлэг олгох.

а) ХААДД ХК-ийн чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд: (i) Практик дадлага олгох, шинэ мэдлэг олгох сургалтад хамруулах; (ii) Экспортын даатгалын одоогийн хууль, эрх зүйн орчныг судлах, экспортын санхүүгийн зах зээлийн эрэлтийн судалгаа хийх; (iii) Экспортын зах зээлийн гол оролцогчдын удирдлагын хүрээ, нэгдсэн эрсдэлийн дүн шинжилгээ хийх.

б) Экспортын даатгалын бүтээгдэхүүн боловсруулах зорилтын хүрээнд: (i) Андеррайтингийн гарын авлага боловсруулах; (ii) Үнэ тогтоох аргачлал боловсруулах; (iii) Нөхөн төлбөр олгох аргачлал, заавар журам боловсруулах.

в) Экспортын даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах экспортын даатгалын охин компани байгуулах.

Дэд бүрэлдэхүүн хэсэг 1.2 Сангийн яам болон ХААДД ХК-ийн хооронд байгуулах дэд гэрээний дагуу ХААДД ХК-ийн Экспортын даатгалын охин компанид оруулах хөрөнгө оруулалт

Экспортын даатгалыг бий болгон хэрэгжүүлэх Экспортын даатгалын охин компанид төслөөс экспортын даатгалын нөхөн төлбөрийн сангийн эх үүсвэрийг бүрдүүлнэ.

ЭКСПОРТЫН ӨРСӨЛДӨӨНИЙГ ДЭМЖИХ

Дэд бүрэлдэхүүн хэсэг 2.1 Гадаад худалдааны сургалт, судалгаа

1. Онлайн сургалт: Төслийн цахим хуудаст гадаад худалдааны сургалтын модулийг агуулсан онлайн сургалтын булан нээнэ. Сургалтын модулиуд, видео, материалуудыг олон нийтэд ил тод, нээлттэй байршуулна.

2. Танхимын сургалт:
2.1 Ерөнхий сургалт
Ерөнхий сургалтаар ЖДҮ эрхлэгчид зах зээлийн сонголт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, сайжруулалт, экспорттой холбоотой нийтлэг эрсдэлүүд, болон бизнесийн англи хэлний сургалтад хамрагдана.

2.2 Захиалгат сургалт
Захиалгат сургалт нь экспортод бүтээгдэхүүн гаргадаг ЖДҮ эрхлэгчдэд зориулсан сургалт байна. Ижил салбарт бизнес эрхлэгчдийн бүлэг, мэргэжлийн холбоод хэрэгцээ шаардлагадаа үндэслэн захиалгат сургалтын хүсэлт ирүүлж болно. Түүнчлэн тухайлсан зах зээлийи судалгаа, үйлдвэрлэлийн дүн шинжилгээ хийнэ.

3. Семинар /хэлэлцүүлэг/ хурал:
Гадаад худалдаатай холбоотой асуудлаар мэдлэг олгох, туршлага хуваалцах хэлэлцүүлгийг зохион байгуулах. Олон улсын туршлагатай компани, импортлогчдыг Монгол Улсад урьж “Бид үүнийг хэрхэн хийдэг вэ” сэдвээр туршлага судлах хэлэлцүүлэг зохион байгуулах. Түүнчлэн эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт зохион байгуулна.

4. Бусад сургалт:

  • Гадаад худалдаа болон худалдааны бизнесийн чиглэлээр сургагч багш нарт зориулсан сургалт зохион байгуулах;
  • Бүтээгдэхүүний инновацийн санааг дэмжих тэмцээн, уралдааныг их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохиох, багш, оюутнуудад сургалт зохион байгуулах;
  • Экспортын ментор, ажилтан солилцооны хөтөлбөр зохион байгуулах.

Дэд бүрэлдэхүүн хэсэг 2.2 Экспортын өрсөлдөөнийг дэмжих санхүүгийн дэмжлэг

Санхүүгийн дэмжлэг
“Санхүүгийн дэмжлэг” гэж экспортын өрсөлдөөнийг дэмжих, экспортын хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлын зарим хэсгийг санхүүжүүлэх “Санхүүгийн дэмжлэг хэрэгжүүлэх гарын авлага”-д заасан нөхцөл, тодорхойлолт, сонгох шалгуур, үйл ажиллагааны горимыг баримтлан аж ахуйн нэгжид олгох буцалтгүй тусламжийг хэлнэ.

Санхүүгийн дэмжлэг хүртэгч
“Санхүүгийн дэмжлэг хүртэгч” гэж Монгол улсын хуулийн дагуу байгуулагдсан, уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа эрхэлдэг, “Санхүүгийн дэмжлэг хэрэгжүүлэх гарын авлага”-д заасан шалгуурыг хангасан, санхүүгийн дэмжлэг авах эрхтэй ААН-ийг хэлнэ.

Экспортын хөгжлийн төлөвлөгөө
“Экспортын хөгжлийн төлөвлөгөө” гэж төслийн дэд бүрэлдэхүүн хэсэг 2.2-ын хүрээнд хэрэгжүүлэхээр Санхүүгийн дэмжлэг хүртэгчийн боловсруулсан экспорттой холбоотой тухайлбал, бүтээгдэхүүний чанарын сайжруулалт, гэрчилгээ авах, бүтээгдэхүүний нэвтрүүлэлт, бизнесийн стратеги, төлөвлөлт, үйлдвэрлэлийн менежментийн шинэчлэл, экспортын үзэсгэлэн яармаг, сургалтад хамрагдах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөг хэлнэ.

Санхүүгийн дэмжлэг олгох гэрээ
“Санхүүгийн дэмжлэг олгох гэрээ” гэж Экспортын хөгжлийн төлөвлөгөөг санхүүжүүлэх Санхүүгийн дэмжлэгийг олгох талаар Сангийн яам болон Санхүүгийн дэмжлэг хүртэгчийн хооронд бичгээр байгуулсан хэлэлцээрийг хэлнэ.

Санхүүгийн дэмжлэгээр дараах зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны зардлын зарим хэсгийг хамтран санхүүжүүлнэ:

  • Бизнесийн стратеги болон төлөвлөлт;
  • Үйлдвэрлэлийн менежментийн шинэчлэл;
  • Бүтээгдэхүүний чанарын туршилт болон гэрчилгээжүүлэлт;
  • Бүтээгдэхүүний нэвтрүүлэлт;
  • Экспортын яармаг, үзэсгэлэн худалдаа, сургалтад хамрагдах.

Санхүүгийн дэмжлэгийн дээд хэмжээ болон зөвшөөрөх босго
Нэг аж ахуйн нэгжид олгох санхүүгийн дэмжлэгийн хуримтлагдсан дээд хэмжээ 100,000 ам.доллар бөгөөд зөвхөн зөвшөөрөгдөх үйл ажиллагааны хүрээнд гарсан зардлын 50 хувийг нөхөн олгоно.

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ

Төсөл хэрэгжүүлэх чадавх бүрдүүлэх, хяналт үнэлгээ хийх хүрээнд зохицуулалт, худалдан авалт, санхүүгийн менежмент, сургалт, ложистик зэрэг бусад асуудлаар техникийн туслалцааг Төсөл хэрэгжүүлэх нэгжид үзүүлнэ.